Wednesday, March 15, 2017

"Монголд сэтгэл хоргодсон есөн жил" Иосеф Гелета

Цахилгааны инженер Иосиф Гелета гэгч унгар/мажаар эр оросын цэрэгт олзлогдон Тагна Тувагийн хязгаарын нэгэн цахилгаан станцад гурван жил ажиллаж байгаад 1920 оны хавар зайлан оргож, оросын дамын наймаачид элдэв арга саам хэрэглэн байж Монголын хилээр оруулжээ. Тэрээр Монголоор дамжин эх нутаг Унгар руугаа харихаар төлөвлөж л дээ. 
Гэвч Өргөөгөөс холдох аргагүй байж. Тухайн үед Барон Унгерний цэргүүд энд тэндгүй эргэлдэн, Бээжин орох замыг хаасан сураг гарав. Амьдрахын хэрээр оросуудтай нийлэн хиам үйлдвэрлэсэн нь этгээд сонин зүйлд дуртай монголчуудад таалагдан, дороо борлогдон, үүнийхээ ашгаар нэг хэсэгтээ амь зуусан байна. Гелетагийн амьдарч байсан "зочид буудлын" нэг нөхөр төмөр цутгуур хийх санаа гаргасан нь гоминданы цэргүүдэд жигтэйхэн таалагдаж. Хэзээ мөдгүй Унгерний цэргүүд Өргөө рүү довтлох гээд байсан тул хятадууд эдгээр цутгуурчдаар тэсрэх бөмбөг хийлгэе гэж сэтгэжээ. Үхэр бууны хонгионд дарь чихэж, дотор нь мухар тэрэгний оч хаягчийг зоож, цахилгаан утсаар алсаас дэлбэлсэн нь амжилттай болов. Чингэж Өргөө дэх хятад цэргийн инженер болоодохов. Харамсалтай нь төмөр цутгаж эхэлтэл тоосго нь хайлаад байсан тул Өргөөгөөс 120км-ийн алсад байх Зуунмод руу сайн чанарын шаварт явахаар болов. Хоёр хятад цэргийн хамтаар Өргөөг орхисны маргааш нь Барон Унгерний цэрэг Өргөөг эзэлж, цусан далай болгожээ. Азтай ч гэх үү. 
Ингэж Гелета хятад цэргүүдтэй хамт Орос руу буцан дутаана. Ингээд Троицкосавск (1934 оноос Хиагт гэж нэрийджээ) хотод ирэн, хуучин танил байсан орос худалдаачныхаа охинтой гэрлэв. Гэвч удалгүй Троицкосавск хот Барон Унгернд эзлэгдсэн тул тэнд байж суух аргагүй болж, азаар, хадам эцэг нь Троицкосавскаас 120км-ийн зайд байх Бэлчир гэдэг газар (Сэлэнгэ, Хүдэр сум) арьс үсний мухлагтай байсан тул эхнэрээ үлдээн тийш очив. Гэвч тэнд удсангүй. Наймаанд муу, архаг наймаачид элдвээр хавчиж гадуурхаад байсан тул Өргөө рүү дахин явахаар шийджээ. 
Энэ үеэр Хүдэрт алтны уурхайтай нэгэн ирж, Ноён уулын Сүжигтэйн аманд оросын нэг эрдэмтэн хиргисүүр ухаж байгаа, очиж үзэх үү хэмээхээр сонирхож очжээ. Оросын нэрт эрдэмтэн Козловын энэхүү судалгаа, шинжилгээний ажил нь эрдэм номын гэхээсээ алт эрдэнэсийн эрэлчид шиг Геретад санагдаж. Учир нь тэд эд өлгийн зүйлсэд хайр найргүй хандсанаас 3000 жилийн настай авсыг үйрүүлж, үнэ цэнэтэй (шувууны дүрс бүхий хүннү хивс) хивсийг тасдаж хаясан байв. Козловын багийнхан алтан эд өлгийн маш их зүйлсийг нуун хил давуулсан ба өчүүхэн бага хэсгийг нь Өргөөгийн музейд дэлгэн тавихаар өгчээ (энэхүү хүннү хивсийг Монголд авчрах хэрэгтэй гэж түүхч Д.Өлзийбаатар өгүүлсэн байна лээ). 
Өргөө рүү явж байгаад тэнд амьдардаг германтай таарсан нь хувь төөрөг гэлтэй (ер нь Герета маш олон удаа олзлогдож, тэр бүртээ маш азтай тохиолдлоор мултарч байсан). Тэрхүү герман түүнийг Сангийн сайд Дорж мээрэнтэй танилцуулжээ. Тэр үед монголчууд оросоос авсан цахилгаан станцаа угсарч мэдэхгүй сууж байсан нь Геретагийн аз од гийвүү гэлтэй. Тэрээр хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг Өргөөгийн хаа нэгтээгээс олж аван, хэдхэн сарын дотор цахилгаан станцыг угсарчээ. 
Үүний дараа алдарт "Бөмбөгөр ногоон" театр буюу 1200 хүний суудалтай Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гарган, бариулжээ. Өргөөгийн их сургуульд физик, механикийн хичээл заах урилга ч гардав. Аж үйлдвэрийн яамны түшмэл (зөвлөх) ч хийж үзэв. Мөн Богд хааны өргөөг музей болгон өөрчлөх ажлыг гардаж, нийслэлд анхны нийтийн бие засах газрыг санаачлан босгожээ. Учир нь тэр үед монголчууд эр, эмгүй хүссэн газартаа хүнд, хөнгөнөөр бие засч байж. Иймд орчин цагийн боловсон жорлон хэд хэдийг (14) хийсэн ч удалгүй бүгд нураагдав. Жорлонгийн ойр хавиар хүн, амьтан явахын аргагүй муухай үнэртэй болсон бөгөөд ингэж үнэртэж байхаар өмнөх шигээ Өргөөгийн нохой идэж, ямар ч үнэр танар гаргахгүй байсан нь дээр гэж үзэцгээсэн байна. 
Монголд анх удаа холбоочны ажлыг хийсэн хүн нь Гелета юм. Хот хөдөөгүй гэрлийн болон ярьдаг утасны шугам татах ажлыг тэр хийжээ. Түүнийг эх орондоо буцах үест монголчууд моторт тэрэгний үйлдвэр барих талаар ярьж байсан гэсэн нь одоо сонсоход нэн сонин аж. 
гурван монгол нөхрийн хамтаар 

Хэдийгээр Монголд хийх ажилтай, гэр бүл үр хүүхэдтэй (монгол эхнэр авсан), цалин хөлс чамгүй авч байсан хэдий ч эх нутгаа санан бэтгэрэх нь 1929 оны үеэс байж суух аргагүй болгосон байна. Иймд Монголын хил гаалиас пасспортоо буцаан авахын тулд ихэд саймширч, Сүхбаатар жанжны хөшөөний загварыг хүртэл гаргаж өгч байжээ. Ингээд эхнэртэйгээ ярилцан шийдэж, Засгийн газарт хандсанаар эхнэр болон бага охинд нь пасспорт гарган өгсөн байна. Ингээд нэлээд хэдэн хүний хамтаар машинаар Хаалган хот хүрч, тэндээсээ Тьянжин орж, хоёр сарын дараа Европ хүрчээ.  
монгол эхнэр хүүхдүүдийн хамтаар 

1929 онд эх орондоо эргэж ирээд, Пешт мужид жижиг эдлэн худалдан авч суурьшиж. Тэгсэн хэдий ч "зэрлэг догшин", "соёлжиж боловсроогүй" ард түмэндээ эргэн очихыг хүсэн мөрөөдсөөр л байсан аж. Монгол орны шувуудын талаар судалгаа хийснээ 1935 онд "Тэсийн голын шувууд" нэрээр Мажаарын анчдын нийгэмлэгийн сонинд нийтлүүлж байжээ. 
Түүнтэй холбоотой бас нэгэн түүх нь өндөр Гонгорын хэт хутга юм. Иосиф Гелета, Богд Гэгээний хувийн хуяг хамгаалагч байсан өндөр Гонгорын хэт хутгыг Унгар руу авч явсан байсныг 1966 онд Монголын ЭСЯ-ныхан мэдэж, 40-өөд жилийн дараа эх нутагт нь авчирсан нь эдүгээ Монголын Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг аж. 
Тэрээр сэтгүүлч Фурват Лааслуугаар энэхүү номыг бичүүлэн 1934 онд Будапешт хотноо анхлан хэвлүүлж, англи хэлээр 1936 онд, герман хэл дээр 1938 онд орчуулан гаргажээ.  

Monday, March 6, 2017

"Хятад орныг арван үгээр" Үй Хуа

Хятадын нэрт зохиолч Үй Хуа (зохиол бүтээл нь хорь гаруй хэлээр орчуулагдсан энэ эрхэмтэй анх удаа танилцаж байна) америкийн нэгэн коллежийн урилгаар "Зохиолчийн нүдэнд туссан Хятад орон" нэртэй лекц бэлдэхээр болж, гол агуулгаа илтгэсэн арван үгийг сонгон авсан байна. Тэгтэл урьсан америк профессор нь "Хятад орныг арван үгээр" гэж нэрлэвэл ямар вэ гэснээр энэ номын нэр өөрчлөгджээ. 
-Ард түмэн
-Удирдагч
-Ном 
-Уран бүтээл
-Лу Сюнь
-Ялгаа
-Хувьсгал
-Доод давхаргынхан
-Хуурамч бараа
-Хулхидах гэсэн арван үг/эссе-ээр Хятад орныг бүхэлд нь илэрхийлж чадна гэж зохиолч үзжээ. Үүнээс улбаалаад "Монгол орныг арван/есөн үгээр" хэмээн номыг хэн нэгэн нь бүтээвэл сонин сайхан болох байх даа гэж бодогдсоныг нуух юун.  
1. Ард түмэн 
Хятад болбоос энэ дэлхий дээрх хамгийн олон хүн амтай улс гэдгийг бид мэднэ. Ард түмэн нь эрх баригчдынхаа шударга ёс зүйд эцсээ хүртэл итгэдэг Күнзийн суртлаар хүмүүжсэн байдаг. Хятадын төрийн дуулалд хүн ам олонтой гэдэг санаа нь: 
Мах, цусаараа бид агуу хэрэм босгоё
Магад дайсан ирвээс уухайлан дайрцгаая 
Босоцгоо та минь, босоцгоо 
Түм бумаараа босоцгоо! хэмээн өгүүлсэн байх жишээний. Тэгэхээр "ард түмэн" гэдэг үг/ханз Хятад орныг бүрдүүлэх хамгийн чухал ухагдахуун болж чадна гэжээ. "Хүн олон бол хүч их" гэж Мао Зэдүн ч хэлж байж. 
Сонирхуулахад, миний өмнө танилцуулж байсан Мо Янийн "Улаан тутарга" романд "Манай хүн ам 300 сая. 100 сая иргэнээ дайнд алдлаа ч бид дайнд ялах учиртай" хэмэн нэгэн баатар нь өгүүлж байдаг. Мөн, Хятадын төр, газар нутгаа тэлэх бодлогыг үеийн үед авч явуулдаг байсан нь хүн ам олонтойгоос үүдсэн гэдэг. 
2. Удирдагч 
Энэ бүлэг бүхэлдээ Соёлын хувьсгалын эцэг Мао Зэдүний тухай өгүүлжээ. Хятадын хаад сурвалжит гаралтай эсэхээсээ үл хамааран хаан ширээнээ залармагцаа Тэнгэрийн хүү мэт аягладаг байхад Мао Зэдүн тэгээгүй л гэнэ. Тэр ард түмнийхээ сэтгэлийг жинхэнэ утгаар нь дэврээж чадаж байсан л гэнэ. "Өдгөө Хятад улс багаараа удирдах системтэй... (Гэвч) Хятадад удирдагч гэх хүн үлдсэнгүй. Дарга нар л олширч дээ" хэмээн зохиолч харуусан өгүүлсэн байна. 
3. Номтой нөхөрлөсөн минь 
Зохиолчийн бага залууд ном ховрын бараа байжээ. Ялангуяа, Соёлын хувьсгалын үед хориодхон "хувьсгалт эх оронч уран зохиол" үлдэж, бусдыг нь "хортой хогийн ургамал" хэмээн нэрийдэж байсан тул бүр ч нүдний гэм болсон байна. Айл бүрт байдаг ганц нь Мао Зэдүний "Сонгомол дөрвөн боть" зохиол. Хорих тусам хоргоддог нь хүний зан хойно хүмүүс нууцаар "хортой хогийн ургамал"-уудыг гар дамжуулан уншдаг л байж. Зарим нь эхэн, төгсгөл нь үрэгдэж алга болсон байдаг тул үйл явдлыг нь хүн бүр өөрийнхөөрөө зохиодог байсан тухай инээдтэй явдал ч бишгүй байж. Хэдийгээр Соёлын хувьсгалын дараа "хортой хогийн ургамлууд" хэвлэгдэж эхэлсэн ч эрэлт их, нийлүүлэлт бага тул картаар өгнө. Гэтэл өдгөө Хятадад жил бүр хоёр зуугаад мянган төрлийн ном хэвлэгдэж байна. 
4. Уран бүтээл 
Энэ бүлэгт зохиолч таван жил хийсэн шүдний эмчийн ажлаасаа залхаад ("Хүний ам шиг муухай газар энэ дэлхийд үгүй" гэж хэлжээ) хэрхэн зохиолч болсон тухайгаа өгүүлжээ. "Уран бүтээл" гэдэг үг нь Хятад орныг төлөөлөх бус, өөрийг нь илэрхийлсэн үг юм уу даа гэж бодогдсон. 
5. Лу Сюнь 
Соёлын хувьсгалын үеийн балчрууд "Хятад улс болбоос Мао Зэдүн гэдэг цорын ганц яруу найрагчтай, Лу Сюнь гэдэг цор ганц зохиолчтой" гэдэг үзлээр хүмүүжжээ. Зохиолчийн хувьд  ч нэгдүгээр ангид байхдаа чухам ингэж итгэдэг байсан гэнэ. Хувьсгалт зохиол бүтээл туурвидаг Лу Сюний уншигч нь Мао Зэдүн байсан нь энэхүү зохиолчийг Хятадад алдаршуулжээ. Дээр өгүүлсэн Мао Зэдүний "Сонгомол дөрвөн боть"-той эн тэнцүү шахам тараагддаг байсан нь түүний ном байсан аж. 
6. Ялгаа 
Энэхүү эссенд хоёр эрин үеийн ялгааны тухай бичжээ. Эрин солигдоход Хятад даяар баян ядуу, хот хөдөөгийн ялгааг авчирсан байна. Дэн Сяопиний хэрэгжүүлсэн өөрчлөлт, шинэчлэл - нээлттэй бодлогын хүрээнд ДНБ 60 дахин өссөн ч хот, хөдөөгийн ялгаа газар авчээ. Бээжингийн хүү Боингтой болохыг мөрөөддөгөө өгүүлсэн бол баруун хойд нутгийн жижиг тосгоны охины туйлын мөрөөдөл нь цасан цагаан пүүзтэй байх. Цагаан пүүз нь Бээжингийн хүүгийн Боинг мэт хүршгүй зүйл болж хувирсан байнам. 
Нэмэхэд, хятадын зарим баячууд нь идэх хоолоо гадаадаас захиалж авчруулдаг бол зарим газрын улс амьтан нь дундад зууны үеийн хөөрхийлөлтэй амьдралаар амьдарсаар л гэх юм билээ.  
7. Хувьсгал 
"Эдийн засаг үсрэнгүй хөгжихөд ардчилсан тогтолцоотой байх нь нэн чухал" хэмээн барууныхан айлддаг. Гэтэл Хятадад "эдийн засгийн хөгжлийг хувьсгалаар хөглөдөг". 1957 онд Их үсрэлтийн бодлого, 1966-1976 онуудад Соёлын хувьсгал, түүнээс гуч гаруй жил Өөрчлөлт, шинэчлэлтийн нээлттэй бодлогын хувьсгал үргэлжилж байгаа юмсанж. Хятадад хувьсгал хэрхэн өрнөдөг гээч? "Хувьсгал тайван замаар, хүндтэй аргаар, бөхөлзсөн маягтай өрнөдөггүй. Хувьсгал гэдэг нь бослого, нийгмийн нэг анги нөгөө ангиа хүч түрэмгийлэн дарах үйлдэл юм" хэмээн Мао эшилсэн байна. 
8. Доод давхаргынхан 
Хоёр сая юанийн үнэтэй BMW760H гм маркийн машин зардаг салонд нэг удаа хараажаар тариачин байрын нэг өвгөн микро автобуснаас ач гуч нийлсэн арваад хүүхэдтэйгээ буун иржээ. Машинуудын тухай "Яагаад ийм үнэтэй байна?" гэж асуух өвгөнд бишгүй олон талаас нь менежер тайлбарласан боловч ойлгосонгүй. Яриан дундаа "суудалд нь хоёр үхрийн арьс орсон" гэж хэлүүт өвгөн илт сэргэж, хүүхдүүддээ "Ганцхан суудалд нь хоёр үхрийн арьс орсон гэхээр сайн эд байх нь" хэмээгээд өөртөө 760H серийнхийг, хэдэн хүүхдүүддээ 7-3-р загварын машин авчээ. Хүүхдүүд нь микроноосоо хэд хэдэн том хайрцаг мөнгө гарган тоолж тооцоо хийв. Өвгөн банкинд итгэдэггүй юмсанж. Доод давхаргын олон хүн Хятадад хөлгүй баяжсаны нэгээхэн жишээ нь энэ юм. Нийгмийн доод давхаргынхан гэгддэг энэ хүмүүс Хятадын үсрэнгүй хөгжлийг нөхцөлдүүлжээ. Тэд юунаас ч, хууль бус, гэмт үйлдлийн шинжтэй үйлдлээс ч эмээдэггүй. Алдах юмгүй учраас тэд ер эмээсэнгүй. "Хөл нүцгэн хүн гуталтай хүнээс айдаггүй" юмсанж. Тэдний онцлог нь "Бусдын хийхийг хүсээгүй ажлыг хийж" хөрөнгө хуримтлуулжээ. Тэдний дунд бараг дэлхийн бүх хувцасны товчийг үйлдвэрлэдэг бизнесмэн ч байх вий. 
9. Хуурамч бараа 
Хятадын нийгэмд хуурамч бараа бүтээгдэхүүн идээт үрэвсэл болон буглажээ. Идээ бээр өвчин эмгэгийг өөртөө шингээх ч биед таагүй, аажмаар үхүүлдэг. Хуурамч бараа олширсон нь Хятадад ёс зүйн хэм хэмжээ алдагдсаны бэлээхэн жишээ юм. Үй Хуа өөрийн алдарт "Ах дүүс" романыг хулгайгаар хувилан зарж байсан хүмүүстэй таарчээ. "Хулгайн хэвлэл байна" гэвэл зарагч нь "Хулгайнх биш ээ, хуурамч эд" гэж залруулсан байдаг. Огт уулзаж байгаагүй сэтгүүлч өөртэй нь ярилцлага хийгээд тавьсан байхаар нь "Би танд ярилцлага өгч байгаагүй юмсан" гэхэд "Хуурамч ярилцлага байгаа юмаа" гэж хээв нэг хариулж байжээ. 
10. Хулхидах 
Хулхидах нь Хятадад хуурамч бараатай ижил дэлгэрсэн арга болон үржжээ. Хуурч мэхлэх нь бага зардлаар их ашиг олох арга юм. Үүнээс үүдээд "Худлаа хэлэх бол далайцтай ярих хэрэгтэй" гэсэн цэцэн үг гарчээ. Гадаад орны төрийн тэргүүд Хятадад айлчлахад хятадууд "Хулхидах гэж ирээ биз!" гэдэг бол Хятадын удирдагч гадагш явахад мөн л "Цаадах чинь улс амьтан хулхидаж хуурахаар явлаа" гэлцэнэ. Хулхидах нь Хятадад хуурамч бараатай ижил Хятадын ёс бус нийгэмд ужиг болсон өвчин болжээ. 

Sunday, February 26, 2017

"Путин ба Путинчууд" Михаил Зыгар

Оросын цорын ганц хараат бус гэх Дождь сувгийн ерөнхий редактор Михаил Зыгар “Путин ба Путинчууд” номоороо 2000-2015 оны орчин үеийн Орос орны түүхийг харуулахыг зорьжээ. Путин бол Орос орон. Орос орон бол Путин болоод байгаа билээ. Тун санамсаргүй байдлаар Ерөнхий сайд болсон, мөн Ерөнхийлөгч болон дэвшсэн боловч явцын дунд түүхэнд нэрээ үлдээхийг хүсэн Догшин хэмээгдэн хаан суужээ. Хаанд амсхийх зав үгүй. Путин бүхий л шийдвэрийг гаргадаг ч угтаа нэг хүн биш юм. Путин бол хамтын хүчээр бүтээгдсэн ухамсар юм. Өдөртөө хэдэн зуун хүн Путин юу шийдэх бол хэмээн таамаглан суудаг. Путин ч хамтын ухамсарт юу таацаж нийцэх вэ хэмээн үргэлж тунгаан бодож явдаг юмсанж. Путинчууд түүний хүчээр эрх мэдэлтэй, элбэг хангалуун явна. Хаантай тэрсэлбэл бүхий л зүйл нь үгүй болох юм.
Номын эхний хэдэн бүлгийн агуулга нь Леонид Млечиний “Путин” номынхтой төстэй (өмнө нь танилцуулсан). “Путин”-д хувь хүний хувьд хэрхэн тодрон гарч ирсэн болон хэрхэн амжилт олсныг өгүүлсэн бол “Путин ба Путинчууд”-д хувь хүнээс нь гадна ард нь хэн, хэн гэдэг стратегич, бодлого боловсруулагчид болон гүйцэтгэгчид байдгийг тод томруун харуулсан байна.
Владимир Владмирович Путин Тэрбээр Ельциний ГЭР БҮЛ-ээс гаралтай. Гэр бүл гэхээр юун түрүүнд Ельциний охин Таня, түүний нөхөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Валя хоёр юм. Тэднээс гадна гэр бүлд олигархиуд болох Борис Березовский, Роман Абрамович нар багтдаг. Гэр бүлийн үзэл суртлыг чиглүүлэгч нь Александр Волошин (Кремлийн Тамгын газрын дарга) юм. Ельцин ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа өндөрлөхөөс жилийн өмнө Гэр бүлийнхэн залгамжлагчийн эрэлд гарцгаан, Путиныг олсноор түүнийг тохоон томилсон билээ.
Путинийг эхэндээ пиарчид барууныханд smart guy буюу ухаалаг, эрч хүчтэй, чадварлаг, өөртөө итгэлтэй боловч бусдад нээлттэй, нөхөрсөг харилцаатай залуу улс төрч болгон харуулахаар боллоо. Жилийн дараа огцрох Клинтон бус Английн Ерөнхий сайд Тони Блэйр энэ имижид илүү дөхөхөөр байв. Иймд Путиныг Тони Блэйртэй нөхөрлүүлж, имижийг тодотгохоор болно. Энэ нь амжилттай болж, тэр хоёр олон жил нөхөрлөж, харилцан хэд хэдэн удаа айлчилсан боловч хожим нэг нэгэндээ жигтэйхэн муу болцгоосон доо.
Калининградаас Камчатск хүртэл сунаж тогтсон цэлгэр газар орны ард иргэдийг Путин өөрийн биеэр нэгтгэн зангидаж байна. Тэр л үгүй бол улс орон маань задран унана гэдэгт тэр бүрнээ итгэжээ. Барууны анд нөхдөдөө тэрээр итгэн, тэдэнтэй нөхөрлөж байсан авч, хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болсны дараа тэдэд итгэл алдран, атаатан дайсан лугаа адил бодох болоод, ахин хэзээ ч итгэл үзүүлэхгүй гэдгээ зарлан тунхаглав. Тэр одоо ч тэдэнтэй үл эвлэрэн үзэлцсээр байгаа билээ.
Тэр хуучин ЗСБНХОУ-ын харьяанд байсан улсын тэргүүн нарт нөлөөтэй хэвээр байна. АНУ тэргүүтэй европын улсууд энэ байдлыг нь үгүй хийн, хүч чадлыг нь хумьж Путинийг буулган авахаар төлөвлөж байгаа юмдагуу даа гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Түүний байгуулсан улс төрийн тогтолцоо түүнийг ерөнхийлөгчийн суудлаас буусан цагт л байдал өөрчлөгдөх боломжтой юм.
Одоо та бүхэнд Путинчуудыг танилцуулья.
Александр Волошин (Кремлийн Тамгын газрын дарга)  

Александр Волошин нь Гэр бүлийн нэгэн чухал гишүүний хувьд залгамжлагчийг (Путиныг) олоход гар бие оролцсон нь гарцаагүй. Иймдээ ч Путин ерөнхийлөгчөөр сонгогдонгуутаа огцрох өргөдлөө барин орж ирсэн Волошиныг Кремлийн Тамгын газрын даргаар нь улираалаа. Путин ба Волошины хослол гуравхан сарын дотор гайхалтай ажиллаж тэдний удирдсан Единство нам, Ерөнхий сайд асан Евгений Примаков болон Москва хотын дарга Юрий Лужков нарын тэргүүлсэн Отечество-г илт давуу яллаа. Гурван сарын өмнө тэднийг ялна гэж хэн ч итгээгүй. Нөлөө бүхий ТВ-ийн сэтгүүлч хүртэл Отечество-г ялна хэмээн ямар ч эргэлзээгүй “баталж”  байлаа.
Тэдэнд өөрчлөх зүйл мундахгүй их. Путинд ч, Волошинд ч 1990 онд баталсан Сталины үед дуулж байсан төрийн дуулал таалагддаггүй байлаа. Иймд багагүй эрэл сурал хийсний эцэст Төрийн дууллыг шинэчиллээ. Волошины таалсан нь бус Путинд таалагдсан нь батлагдсан боловч тэр ерөнхийлөгчийн өмнүүр ордог хэн билээ дээ.
“НТВ сувгийн дэмжлэггүйгээр ерөнхийлөгчөөр сонгогдох аргагүй шүү дээ” хэмээн Путинд ихэрхүү загнаж байсан, олигархи Гусийнскийг “номонд оруулсан” хүн бол Волошин юм. Компаниуд нь алдагдалтай ажиллаж, өчнөөн тэрбум долларын өрөнд орсон байсан (сул тал нь) Гусинскийг нэг л өдөр барьж хорьсон ба НТВ сувгаа өгвөл суллана гэжээ. Гусийнский сувгаа өгөөд гадаад руу гарлаа. Гусинскийгээс эхэлсэн баривчилгаа Ельциний үед нэрлэж заншсанаар олигархуудын эд хөрөнгийг хураах ажиллагаа болон “төгөлдөржсөн” юм.
Волошин Ходорковскийтой дотно харилцаатай байлаа. Ходорковскийн юун төлөө зорьж явааг мэдэх цөөхөн хүний нэг байсан. Иймээс түүнийг баривчлагдан хоригдсоноос тав хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Түүний туслах байсан Владислав Сурков орыг нь эзлэв. “Зарчмын хувьд Волошин үлдэж болох л байлаа. Путин түүнийг огцор гэж шаардаагүй. Гэхдээ үлдвэл Абрамович тэр хоёр Ходорковскийгоос ЮКОС-ыг булааж авахын тулд нууцаар хамссан шинжтэй болно л доо” гэж ҮАБЗ-ийн дарга Белковский өгүүлсэнсэн.
Игорь Сечин (Ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга, Тамгын газрын орлогч дарга, Шадар сайд)
Сечин нь Александр Волошины орлогчоор ажиллаж байсан хүн юм. Бүр түүнээс өмнө Петрбург хотын захиргаанд протокол, бичиг хэргийн албанд ажиллаж байжээ. Уг мэргэжил нь хэл шинжээч. Португаль, франц, испани хэлтэй. “Улс орныг хэрхэн удирдах ёстойг ил тод харуулсан та бүхэнд талархлаа. Одоо бид өөрсдөө удирдах болно” гэж Ерөнхий сайд Михиал Касьяновыг огцроход нь шуудхан хэлж байсан гэдэг. Тэрээр дороо ажиллаж байгаа хүмүүсээ үргэлж айлгаж явдаг. Зөвлөгөөнд оролцож буй нөхдийг толгой түрүүгүй загнаж байгаад гараад явна. Нөгөө хэд нь арай гэж сэхээ аван, ганц хоёр хундага татахаар сууж байтал нь “Юмаа мартчихлаа” хэмээн дахин орж ирээд бүр мөсөн дарж авдаг аргатай гэжуагаа.  
Игорь Сечин нь Ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн даргын хувьд Путиний цүнхийг зөөж, өдөр бүр цахилгаан шатны үүдэнд угтаж, уулзалт ярилцлага зэргийг нь зохион байгуулж, албан бичиг төлөвлөдөг байсан энэхүү залууг эхний хоёр жил хэн ч анзаарсангүй. Гэтэл Сечин нь ХАБА болон хүчний байгууллагын удирдлагууд дунд ихээхэн нөлөөтэй, өөрийн хүрээллийг бүрдүүлж чадсан нэгэн байжээ. Тэднийг хэвлэлийнхэн ХҮЧНИЙХЭН гэж нэрлэдэг. Хүчнийхний хүрээнд ерөнхий прокурор Устинов (хүүхдүүд нь гэрлэсэн тул Сечин тэр хоёр худууд), ХАБА-ны дарга Николоай Патрушев, Волошины өөр нэг орлогч Виктор Иванов нар болон нөлөө бүхий хоёр бизнесмэн багтдаг юм.
Сечин ерээд онд Петрбургт байхын л Путиний хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг үл ойшоосон хүмүүс хожмоо амаа барина. Путин түүний үнэнч занд итгэдэг юм. ЮКОС компанийн эзэн, цагтаа Оросын хамгийн баян хүнээр тодорч байсан Ходорковскийг Хүчнийхэнтэй хамтран дарах ажлыг албан бусаар удирдсан хүн нь Сечин юм. Ам л нээвэл Путинийг муулж байдаг Ходорковскийн утасны болон уулзалтын бичлэгийг Сечин, ерөнхийлөгчийн өмнө тавина. Ерөнхийлөгчийн засаглалаас ерөнхийлөгч-парламентийн засаглалтай болж, улмаар өөрөө Ерөнхий сайд блох хүсэлтэй байсан Ходорковскийг ил далдаар дэмждэг олигархууд (Абрамович, Дерипаска, Фридман нар. Абрамович хэдийгээр ГЭР БҮЛ-ийн нэг гишүүн боловч, Ходорковскийг далдуур дэмжсэнээр Путинд таалагдахаа больж, улмаар Березовский лугаа адил Лондон руу явна. Тэрээр Березовскийгоос Сибнефтийг сул шахам (Березовский энэ шалтгаанаар шүүхдээд ялагдсан) авснаа Газпромд зах зээлийн ханшаас даруй 1.5 дахин илүү үнээр худалдах болно. Үүнээс өмнө тэрээр Аэрофлот, Русский алюминий гм компанийн хувьцаагаа худалдаж билээ. Челси багийн эзэн гэдгээр нь монголчууд сайн мэддэг) байгаа тухай тайланг мөн Сечин гаргаж тавилаа. Путин ярианд нь эргэлзээгүй итгэсэн нь лавтай. Ходорковский баригдаж, Абрамович Англи руу явснаар гэр бүл сарнилаа. Одоо Путин багаараа ажиллах болно. Үнэхээр ч тэр үед Сечинийг Хүчнийхэн  хүрээлээд байсан ба тэд олигархуудын өмч хөрөнгийг хураах ажлаа “өмчийг ахин өмчлөх алтан үе” зөвтгөж байлаа.
Шадар сайдаар томилогдсонтой зэрэгцээд Латин Америктай харилцах Засгийн газрын салбар хорооны даргаар ажиллах болсон. Роснефтийн Захирлуудан зөвлөлийн дарга тэрээр Медведевийг нэг нүдээр ч үздэггүй нэгэн. Тэрээр тэвчээр гарган, маш нарийн бодлоготой ажилласаар Медведев, Волошин, Дерипаска нарыг буулган авсан юм. Тэр л Юрий Лужковыг Медеведевийн эсрэг сумлан тавьснаар аль алийг нь нэр хүндгүй болгож чадсан.
Сечин яв явсаар Оросын аж үйлдвэрийн болон засгийн газар дахь хамгийн нөлөө бүхий хүн болжээ. Түүнийг Орост Путиний дараа орох хамгийн нөлөө бүхий хүн гэдэг ч хувийн хэвшилд дургүй, бүгдийг төрд хамаатуулах гэсэн мугуйд нэгэн гэж ч тодорхойлдог.
Владислав Сурков (Тамгын газрын нэгдүгээр орлогч)
Александр Волошины туслах байсан. Борис Березовский хэдийгээр Отечество-г загалмайлсан боловч, өдөр тутмын ажлаас нь залхсан учир Владислав Сурков хүчин зүтгэж эхэллээ. Энэ албан тушаал нь хожмоо түүнийг олон жил нөлөө бүхий суудалд байлгах болно. Путинийг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд сонгуулийн кампанит ажлыг Владислав Сурков биечлэн боловсруулсан юм.
Хувьсгалч үзэлт залуусыг нэгтгэсэн Наши хэмээх бүлгэм байгуулсан нь түүний улс төрийн байр суурийг бататгана. Энэхүү бүлгэм нь Орос оронд Улбар, шар гм хувьсгал гарахаас урьдчилан сэргийлсэн, хүчтэй хамгаалалтын систем болж чадсан байна.
Сурков төрийн өмчит ТВ-ийн сувгуудад сурталчилж болохгүй хүмүүсийн жагсаалтыг хүргүүлсний зэрэгцээ, ямар ч тохиолдолд муучилж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Оросын хамгийн том социологийн агентлагт хүчээр халдсаны дараа Сурков л өөрийн сонгосон хүмүүсээ ажилд оруулжээ.
ОВР буюу Отечество вся Россия намтай нэгдэн, Единая Россия болно (нэгтгэсэн хүн нь Сурков) Единая Россия нам дотор либерал, консерватив хоёр жигүүр байгуулан, ажлын бүтээмж муутай, хуучин КГБ-ээс гаралтай хүмүүсийг зайлуулан, залуу, эрч хүчтэй, өөрийн хүмүүсээ байршууллаа. Тэд намаа сайтар удирдан зохион байгуулах үүрэг хүлээв.
Найман жил ерөнхийлөгчийн суудалд суугаад буух дөхөх үед төрийн эрх мэдлийг шилжүүлэх хэд хэдэн төлөвлөгөөг Путинд танилцуулсан хүн нь Сурков юм. Хуулийг зөрчиж болохгүй хэмээн үздэг хуульч Путин алийг нь хүлээн авалгүйгээр Медведевтэй сэлгэсэн билээ.
Орос улсын сонгуулийн тогтолцоог өөрчилсөн хүн нь мөн Сурков. Сонгуульд өрсөлдөх намуудын тоог цөөлж, нэр дэвших босгыг чангатгалаа. Намын жагсаалтаар сонгогдох болгосонд нам бус нэр дэвшигч нэр дэвших бололцоогүй боллоо. Кремлийн эрх ашигт харш хүмүүс сонгуульд өрсөлдөх эрхгүй!
Гэвч алдаа унаа түүнээс тойрсонгүй. Медведевийг ерөнхийлөгч байхад нь либерал шинэ нам хамтран байгуулахаар идэвхийлэн ажилласан боловч бүтсэнгүй. Бас Украиний ерөнхийлөгч Янукоковичийг байранд нь суулгаж, эрх мэдлийг нь хадгалж үлдээж чадаагүй явдал юм. Түүнийг халах нь хэдийнэ шийдэгдсэн асуудал боловч Путин дорх хүмүүсээ алдаа гаргасан даруйд нь халдаггүй зантай.  
Сергей Шойгу (Батлан хамгаалахын сайд)
Хамгийн удаан хугацаанд Оросын төрийг түшилцэж яваагаараа алдартай нэгэн. 1991 онд эрх баригчдын хүрээлэлд орж ирсэн юм. Нэр цэвэр ч үүнийгээ давуу тал болгож явсангүй. Ажлын туршлага их ч үүнийгээ дөвийлгөж байсангүй. Үүрэг хариуцлагыг яс тас биелүүлдэг цэргийн хүн юм. Шойгу 1999 онд анхнаасаа л Единство намын жагсаалтыг тэргүүлж, Путин дээр “бооцоогоо” тавьсан нь алдсангүй. Тэр нэг хэсэг Ерөнхийлөгчийн аяллын зууч боллоо. Монголтой залгаа Тувад төрсөн тэрээр Путинтэй хамт Тувад очин загасчилж, цээж нүцгэн загасчилж зогсоо, морь унаж яваа зэрэг дэлхийд алдартай дүр төрхийг нь бүтээсэн “автор” билээ. Крымийг нэгтгэх асуудлыг Путин түүнд итгэн даалгав. Тэр итгэлийг алдаагүй гэдгийг бид бэлээхэн мэднэ.
Борис Березовский (бизнесмэн, олигархи)

Березовский нь “Сибнефт”-ийн эзэн бөгөөд ОРТ суваг (49%) болон “Коммерсантъ” сониныг багтаасан хэвлэлийн холдингтой байлаа. (энэ бүгдээ алдсан).
Единство намын загалмайлсан эцэг нь энэ хүн. Хожмоо энэ нам ОВР буюу Отечество вся Россия намтай нэгдэн, Единая Россия болно (нэгтгэсэн хүн нь Ерөнхийлөгчийн нэгдүгээр орлогч Владислав Сурков). Единая Россия болон Путины засаглал Орос орныг одоо ч удирдаж байна. Березовский л Путиныг Борис Ельциний ойр дотныхонтой танилцуулах далимдаа өөрөө маш сайн танилцаж авчээ. Уг нь Березовскийн бүхий л санаа биелж, ГЭР БҮЛ-ээс Путин тодрон гарч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон болж, улмаар Единство нам сонгуульд ялсан боловч Путин бус, гэр бүл түүнийг данснаасаа хассан юм. Ямар нэгэн асуудал үүсэнгүүт энд тэнд элдвийн ярилцлага өгч байдаг түүнийг Таня, Валя, Волошин, Абрамович дөрөв тээршаах болов. Чингэж Березовский Англи руу цагаачлахаас өөр аргагүй боллоо. Англид очсоны дараа Путины эсрэг багагүй тэмцэнэ. Хамгийн сүүлд Арбамовичтой шүүхдэлцэн ялагдсанаар сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орон, эцэстээ өөрийгөө дүүжилсэн дээ.
Дмитрий Медведев (Ерөнхий сайд) Путинийг Петрбург хотын орлогч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Албан тушаалын шуналгүй хүн. (“Кремльд үлдэх минь. Засгийн газарт орчихвол Сечин намайг элдвээр матаад амар заяа үзүүлэхгүй” гм). Энэ зан нь Путинд хачин их таалагддаг тул залгамжлагчаараа сонгожээ Кремлийн Тамгын газрын дарга Александр Волошин ажлаа өгсний дараа түүний нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Медведевийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тавилаа. Медведев 2000 онд Путины ерөнхийлөгчийн сонгуулийг ахалснаас өөрөө улс төрийн гал тогоонд ажиллаж байгаагүй хүн юм. (Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сурталчилгааг Волошин хийсэн) Хоёр дахь удаад Путинийг ерөнхийлөгчөөр сонгогдоход гол үүргийг Медведев гүйцэтгэлээ. Түүний пиарчид АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн дүр төрх өөрт нь хачин сайхан зохино хэмээн багагүй хугацаанд чармайн ажилласан боловч, тэрээр оросын ард түмний хувьд хэзээ ч бие даасан хүн байсангүй. Либерал шинэ нам байгуулахаар ажиллаад бүтэлгүйтсэн нь ч үүний нэгээхэн баталгаа гэлтэй.
Владимир Установ (Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд) Устинов ерөнхийлөгчийн тамгын газраас даалгасан аливаа ажлыг ягштал гүйцэлдүүлдэг. Төрд ашиггүй нэр дэвшигчдийн эсрэг элдэв хэрэг үүсгэн, шахаж гаргахдаа гаргуун. Энэ маягаар ЮКОС-ын Ходорковский, ЮКОС-ын орлогч дарга асан Платон Лебедев нарт тус бүрт нь долоон жилийн ял онооход Устиновын хичээл зүтгэл ихээхэн орсон юм. “Ходорковскийг нэн даруй саатуулах хэрэгтэй” гэдгийг Путинд сануулсан хүн нь тэр юмсанж. Үүний зэрэгцээ Курск шумбагч онгоцны ослыг хөлгийн бие бүрэлдэхүүний алдаанаас бус, пуужингийн хэсэгт гарсан техникийн саатлаас үүдсэн осол гэдэг дүгнэлтийг тэр гаргажээ. Хожмоо тэрээр худ болох Игорь Сечин, Ерөнхий сайд Михиал Фрадков, Москва хотын дарга Юрий Лужков нартай хуйвалдан төрийн эсрэг (эсрэг ч гэж дээ Фрадковыг Ерөнхийлөгч болох ёстой хэмээн дэмжиж ярьсан зүйл төдий) зүйл ярьсан нь бичлэгээрээ Путинд хүргэгдэн, “өөрийн хүсэлтээр” огцрон Хууль зүйн сайд болсон юм. Ийн Путин түүний албан тушаалыг сэлгэсэн нь хуйвалдаанд оролцогчдын хувьд том сануулга болжээ.
Игорь Шувалов (Ерөнхийлөгчийн туслах, Тэргүүн Шадар сайд)
Тэрээр Ерөнхийлөгчийн туслах байхдаа Оросын газрын тос, байгалийн хийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, Путинийг Европ тивийн газрын тос-байгалийн хийн хэмжээлшгүй эрхт эзэн хаан болгох төлөвлөгөө боловсруулав. Энэ нь Путинд хачин их таалагджээ. Энэхүү төлөвлөгөө ёсоор Газпром таван жилийн дотор хойд ба баруун Европын улс орнуудыг холбосон хамгийн том хоолойтой болно. Гэвч энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнгүй. Учир нь Украинтай хийсэн “хийн дайн”-ы үеэр хийн хоолойгоо хаасан нь Европын удирдагч нарт энэхүү хийн хоолой гэгч нь Европ тивийг баруун, зүүн талаас нь хавчих зальжин арга байсныг илчилж орхилоо.
Тэрээр Тэргүүн Шадар сайд болов чиг Шадар сайд Сечин түүнээс илүү эрх мэдэлтэй нэгэн болжээ.
Алексей Кудрин (Сангийн сайд)
Путинтэй хамт Петрбург хотын дарга Собчакийн орлогчоор ажиллаж байсан. Хүний мөстэй, мэргэжилдээ сайн залуу хэмээн Путин түүнийг үнэлдэг байсан. Эдийн засаг хөгжлийн сайд Герман Греф тэр хоёр Путиныг Санктпетрбургт байхаас танилууд юм. Путин ерөнхийлөгч болуут тэр хоёрын аль нэгийг Ерөнхий сайдаар тавих байх гэсэн хүлээлт байсан юм. Гэвч Кудрин Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдаар томилогдсон Медведевийн Засгийн газарт (түүнд үнэнхүү дургүй) орж ажиллаж чадахгүй хэмээгээд огцорлоо. Огцрохоосоо өмнө сөрөг хүчний удирдагч Навальны нартай Путины дэглэмийн эсрэг тэмцэж эхэлсэн юм. Хэдийгээр тэр Санкт-Петрбург хотын их сургуулийн факультетийн эрхлэгчээр ажиллах болсон ч Путинд эдийн засгийн талаар зөвлөгөө өгсөн хэвээр, Путин ч түүнийг сонссон хэвээр байсан
“Путин ба Путинчууд” номноос түүсэн сувдууд:
-Оросын ард иргэд ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олсон ч түүнийг нь олгож байгаа алив түшмэлд элгэмсүү ханддаг зантай
-Тодорхойгүй нөхцөлд Кремлийнхэн ер нь төрийн эрхэнд байгаа эрх баригчдыг дэмждэг номтой
-Ерөөсөө Оросын түүхэнд хэн бугай ч төрийн эрхэнд гарсан бай өөрийн хүслээр тэрхүү өндөр сэнтийгээс бууж байсан удаагүй
-Орос хүн даян дэлхийн өмнө хариуцлага үүрсэн тохиолдолд л үүрэгт ажлаа цаг тухайд нь нугалдаг зантай

Monday, February 13, 2017

"Үүлэн хээтэй орчлон" Б.Шүүдэрцэцэг

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хоёр дахь роман (анхных нь Ану хатан) болох "Үүлэн хээтэй орчлон"-г уншлаа. Зохиолч Сар шинэ болж буйтай холбоотой номондоо хямдрал зарласан байна лээ. Сонголтод тань дэм болж юуны магад, тухайг нь та бүхэнд ярьж өгье. 
Манж, монгол бичигт нэвтэрсэн Чоймчиг гүн бол эрдэм номоороо нутаг усандаа нэртэйгээс гадна хөрөнгө бэлээр хэний ч дор орохгүй нэгэн. Мал хуй ихтэй, зарц барлаг цөөнгүй. Хоёр удаа эхнэр авсан боловч хоёулаа яагаад ч юм ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний аав нь бас хоёр эхнэр авсан боловч хоёулаа нас барж, Чоймчиг эхгүй өсчээ. Аав, хүүгийн энэ байдлыг нутаг усныхан нь "хараал хүрсэн, хадмын хаяа муутай" хэмээн далдуур муулж хэлэлцэнэ. 
Чой гүн хоёр хүүхэдтэй. Анхны эхнэрээс Дамдин хөвүүн үлджээ. Мал дагах дургүй тул эхнэр Янжмаагийн хамтаар Хүрээнд амьдардаг. Мөрийтэй тоглоомд донтсон, өр шир нь даагдахаа байсан, ажил хөдөлмөрт муу. Бас дээр нь хүүхэмсэг. 
Чоймчиг гүний хоёр дахь эхнэрээс Хулангоо үлджээ. Аавын амин эрдэнэ. Өдгөө 18 нас хүрч яваа үзэсгэлэн гоо нь нутаг орны дээсээс халиад хавь ойрын залуусын хүслэн болсон хүүхэн юм. Сүй хадаг, эргүүлэх залуу ч мундахгүй олон. 
Хүү Дамдингийн завхайрч байсан Хүрээний биеэ үнэлэгч хоёр хүүхэн болох Бадамлянхуа, Даримаа хоёр хоёулаа учир битүүлэг байдлаар зуурдаар нас барцгаана. Тэдний үхлийн тухай хэн ч хүүе хаая гэсэнгүй. Харин хайртай дуртай гэж явсан Даримаа нь гэртээ өнгөрсөн байхыг хараад Дамдин цочирдоно. Даримаагийн дэргэд нэгэн сувдан даруулга байх ба үүнээс болж нас барсан болохыг ойлгон түүнийг чимээгүйхэн аваад гардаг. Гэртээ авчран хэнд ч хэлэлгүй нууна. 
Хошууны туслах бичээчээр саяхан ирсэн Бадрах, Хулангоо хоёр нэг нэгнээ харсан цагаас хойш сэтгэлийн жолоогоо алдана. Өнчин өрөөсөн, хохь тайж Бадрахад нэртэй хүний зүстэй охиныг сүйлж авах хөрөнгө бэл байсангүй. Чоймчиг гүн охиноо аминаас илүү харамлахаас гадна ах Дамдингийн найз "хоргой" Соном гэгч хөндөлсөнө. Соном нь Дамдинд мөнгө зээлдүүлэн охин дүүг нь эргүүлэх арга чарга хайна. Хөөрхий Бадрахыг хулгайч хүртэл болгон хар гэрт хориулна. 
Чоймчиг гүн өөрийн шадар хиа Довчинг дагуулан хүрээ орж охиндоо сувдан даруулга авахаар хайна. Хайж хайж нэгэн сайхан даруулгыг авдаг. Гэртээ ирээд давуунд боосон чигт нь өгөөд задалж амжилгүй замын хүн ирсэн тул цааш далд хийн тарцгаадаг. Хулангаа Хүрээ орох ажил гарахад шинэ сувдан даруулгаа гаргаж ирэн зүүгээд үхэтхийн унана. Нөгөө гайтай сувдан даруулга ийнхүү гурав дахь хүнийхээ амийг залгисан нь энэ аж. Шадар хиа Довчин даруулгыг аван далд хийчихдэг. 
Чоймчиг гүн маарамба залж Хулангоогийн судсыг нь хануулж, эм тан уулгаад аварч чадсангүй, охин нас барна. Алтан савыг нь нээлгэтэл нэг хонуулаад ил тавь гэсэн тул эсгийнд боон хээр тавьдаг. 
Харин Хулангоог үхлүүт байх үед Чоймчигийн зарц нарын нэгний охин Хонгорзул хошуу руу давхин Бадрахад хэл дуулгана. Хайртай бүсгүйгээ хордсоныг дуулсан тэрээр Хүрээ орж америк эмчээс хэд хэдэн төрлийн хордлого тайлах эм авна. Яв явсаар иртэл Хулангоог нь хээр тавьж байдаг. 
Хөдөөлүүлэхээр ирсэн хүмүүсийг явсны дараа Бадрах очиход Хулангоо арай ч үхчихээгүй байдаг. Маарамба амьд байгаа хайртыг нь үхсэн хэмээж амьдаар нь оршуулсан юмсанж. Америк эмчээс залсан эм тангаа уулган мориндоо дүүрэн, хил залгаа хошууны нэгэн ганц бие хөгшнийд аваачиж тэнхрүүлдэг. Хэдийгээр Хулангоогийн бие тэнхэрсэн боловч Бадрах "солигдсон даруулганы учрыг олох хүртэл хэл чимээгүй байж бай" хэмээн ятгаж дөнгөнө. 
Бадрах мөрдөгч лугаа адил эрэн сурвалжилж явсаар Дамдингийн сэтгэл алдаж байсан, Хүрээний биеэ үнэлэгч Даримаагийн найз хүүхэнтэй уулзаж бүрэн мэдээллийг олж авна. Ингээд Дамдингийн гэрт хулгайгаар очин онгичиж байгаад гуутай бурхны ард нуусан даруулгыг олж авдаг. Энэ даруулга бол Чоймчиг гүний охиндоо авсан нь бөгөөд харих замдаа хөдөө хээр хоноглож байхад нь Дамдин хортой даруулгаар сольж орхисон ажээ. Чоймчиг гүн өрөнд орсон хүүдээ мөнгө өгч болсон, үлдсэн хөрөнгөө Хулангоо охиндоо өгнө гэж хэлсэн нь Дамдинг охин дүүгээ алж хамаг юманд эзэн суухыг хүсэхэд хүргэжээ. 
Хулангоог хортой даруулга зүүн нас барсан сургаар Мижид гэдэг хөгшин хүүхдээрээ дуудуулна. Чоймчиг гүн, Довчин хиа хоёрыг очиход Мижид хөгшин тэрхүү хорт даруулганы тухай ярьж өгдөг. 
Чоймчигийн аав Сугар гэж баян эрхэм бага хатан авчээ. Их хатан болох Чоймчигийн ээж нь үүнийг таалсангүй. Иймд хортой даруулга захиалж хийлгэсэн ба энэ нь бага хатны амийг авч одсоноос гадна одоогоор гурван хүүхний толгойг залгиад байгаа юмсанж. 
Бие илаар болсон Хулангаа хайртай аав дээрээ ирнэ. Үхсэн хүн босоод ирсэнд эхэндээ хот айлынхан бүгдээрээ эмээсэн ч удалгүй магнай хагартлаа баярлацгаана. 
Ганц бие, шадар хиа Довчин нэгэн хүүтэй байсан ба түүнийгээ хаа явааг мэдэхгүй хэмээн Хулангоод ярьж "миний хүзүүний гуутай ижлийг зүүж явах учиртай" хэмээж байсан нь Бадрахад байж таарна. Эцэг, хүү учралдаж, аав, охин хоёр тэврэлдэж, охин дүүгээ алах санаа өвөрлөсөн Дамдин агуйд даянчилж суухаар шийдсэнээр "Үүлэн зардас"-т өгүүлдэгчлэн үүлэн хээтэй орчлон төгсмой. 

Wednesday, February 8, 2017

Г.Г.Маркес "Тахлын үеийн дурлал"

Нобелийн шагналт зохиолч Г.Г.Маркесийн "Тахлын үеийн дурлал" романыг танилцуулья. "Зуун жилийн ганцаардал" надад Нобелийн шагнал авчирсан ч гэсэн би "Тахлын үеийн дурлал"-даа илүү хайртай. Энд миний мэдэх хамгийн агуу, хүнлэг, гоё хайрын тухай өгүүлдэг. Би энэ номоо унших дуртай хэмээн Г.Г.Маркес өгүүлж байжээ. 
Шууданч, хожим нь хөлөг онгоцны компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал болсон Флорентино Ариза болон үзэсгэлэн гоо Фермина Даза нарын хайрын түүхээр энэхүү роман бүтжээ. Тэд арван хэдэн настай, өсвөр насны охин, хөвүүн байхдаа бие биенээ олж харсан юм. 
Хүүгийн хувьд охины гэрийн ойролцоо ном уншиж амьхандаа түүнд харагдах гэж хичээнэ. Хичээл зүтгэл нь талаар болсонгүй, охин ч бас түүнийг анзаарч хараад байлаа. Нэг нэгэндээ ухаангүй дурлан татагдсан хоёрыг охины аав таашаасангүй. Охиноо хэзээ ч ийм дорд амьдралтай залуутай суулгахгүй гэж шийдсэн байлаа. Иймээс тэднийг хүчээр салгахаар охиноо аван нэг жил орчим өөр нутаг орноор тэнэнэ. Гэвч хөвүүн, охины нэгэн хамаатны хүний ачаар хаагуур зорчиж байгааг дор бүр нь мэдэж, хоорондоо захидлаар харилцсаар байдаг. Тэд энэхүү "аялал" дууссаны дараа гэр бүл болохоор хатуу шийднэ. 
Охин, аавтайгаа хамт төрсөн хотдоо ирнэ. Харамсалтай нь, тэдний хамтын амьдрал бүтэшгүй зүйл байжээ. Өдрийн бодол, шөнийн зүүд болсон хөвүүнээ харсан охинд яагаад ч юм голох сэтгэл төрөн тэр түүнийг дахин харахыг үл хүснэ. Амьдралын хатуу хөтүү, ажилд нухлагдан турж, царай алдсан хөвүүн түүнд дорд нэгэн шиг санагджээ. Зүүдэндээ харж байсан хөөрхөн дүр нь салхинд нь сарних нь тэр. Үзэсгэлэн гоо Фермина Даза угийн бардам зантай эмэгтэй юм. Тэр өөрийн буруу байсан ч үүнийгээ хэзээ ч үл зөвшөөрөх зөрүүд нэгэн. 
Хайртай бүсгүйдээ гологдсон хөвүүн нэг удаа усан онгоцон дээр явж байгаад хэн болох нь үл мэдэгдэх нэгэн эмэгтэйн хүчинд автана. Ингэж тэр эр хүн болдог. Үүнээс хойш бүсгүйчүүдийн ангууч болж хувирна. Унтсан бүсгүйчүүдийнхээ тухай тэмдэглэл хөтөлдөг зуршилтай болсон ба хожмоо 600 гаруй бүсгүйн тухай тэмдэглэлийн дэвтэртээ ноороглодог. Мөн шарандаа ажлаа сайн хийж, их мөнгөтэй болно гэсэн зорилт тавина. Шуудангийн компанийг усан онгоцны компани болгож, захирал нь болно
Үзэсгэлэн гоо Фермина Даза өөрийг нь гэсэн олон залуусын гуйлт хүсэлтэд татгалзсаар байсан. Хотын хамгийн алдартай эмч болох Урбиногийн шаргуу гуйлт, захидал ч түүний сэтгэлийг хөдөлгөж дийлэхгүй байв. Нэгэн удаа үеэлтэйгээ борооноор явж байгаад эмч Урбиногийн сүйх тэргэнд уригдана. "Түүнтэй үнсэлцмээр санагдсан" гэж ярих үеэлийнхээ тэнэгхэн яриаг сонссон Фермина Даза аавтайгаа уулзахыг эмч Урбинод зөвшөөрнө. Аав нь түүнийг эмчтэй гэрлүүлэх гэж хичээж байсан цаг. Ингэж тэд хуримлан, хүү, охин хоёрын ээж, аав болон тавин жилийг хамтдаа өнгөрүүлнэ. 
Тэдний амьдрал огт аз жаргалгүй байсан гэж хэлж болохгүй. Бал сарын гал халуун дурсамжаар цэнэглэгдсээр хөгширцгөөнө. Нөхөр нь нууц амрагтай болсон нь илэрч, тэдний амьдралд сорилт тулгарах боловч тэд хоёр жил тусдаа амьдраад эргэн нийлнэ. "Гэр бүл аз жаргалтай байхаасаа илүүтэй тогтвортой байх ёстой" хэмээн нөхөр нь үздэг нэгэн. Далан хэдэн насандаа нөхөр нь торносоо алдууран модон дээр гарсан тотио буулгах гэж байгаад модноос унан харамсалтайгаар амиа алдана. Хот даяар гашууддаг. 
Ингэж 72 насанд нь Флорентино Аризад насан туршдаа хайртай байсан бүсгүйгээ (одоо нэгэнт эмгэн болсон) өөрийн болгох боломж гарна. Тэд арван наймтууд шиг нэг нэгнээсээ ичиж зовон (үнэндээ эмгэний бардам зангаас болж) богино хугацаагаар уулзсаар хамтдаа арван хэд хоногийн урт удаан аялалд хамтдаа гардаг. Аз жаргалаар бялхацгаана. Яг л залуу халуун нас, өтөл насны бүх жаргал, зовлонгоо алгасаад насны эцэст аз жаргалаар дүүрэн байгаа хос шиг. Буцах замдаа онгоцны ахмадад "Тахлын шар туг мандуулан нэг ч зорчигч бүү ав" хэмээдэг. Тахлын халдвартай хүн тээж яваа онгоц шар туг намируулан явбал нэг ч боомт дээр зогсохгүй явж болдог байжээ. Уг нь тэд энэхүү аз жаргалыг 53 жилийн өмнө амсаж болох л байсан. Гэхдээ оройтоогүй...   

Wednesday, January 25, 2017

Туужис

Орчуулагч Б.Гэрэлийн "Туужис" гэдэг тун дажгүй түүвэр ном уншлаа. Ер нь нэг төрлөөр, олон хүний, олон үзэл бодол шингэсэн зүйл унших хэзээд сонин сайхан байдаг. 
Нэг залууд сэтгэл алдарсан бүсгүйд эцэг эх нь зөвшөөрөхгүй болохоор нь гэрээсээ оргож ламаар адислуулах гэж байгаад андуурч, хэдэн жилийн дараа суух жинхэнэ нөхөртэйгээ адислуулсан байсан тухай өгүүлэх А.С.Пушкины "Цасан шуурга" хэмээх мундаг тууж энэ номд багтжээ. 1800 оны эхэн үеийн байдлыг өгүүлсэн болов чиг хүний зан араншин гэдэг хоёр зуун байтугай өнгөрсний үл өөрчлөгдсөн байдаг ч учиртай юмсанж. 
"Мексик хүн" туужаас Жек Лондоны гэх амьдралын хатуу ширүүнийг сөрсөн, эцэст нь ялан дийлж байгаа өөдрөг бүхнийг олж харах болно. Хувьсгалын үйл хэрэгт мөнгө, ус агаар шиг хэрэгтэй болно. Гэтэл үг дуу цөөтэй нэгэн мексик хүү үргэлж бусдаас илүүг хандивлах аж. Хаанаас ийм мөнгө олоод байдаг юм бүү мэд. Хувьсгалд хэрэглэх буу, зэвсэг авах мөнгөгүй болоход "Тэдний өдөр би мөнгө олж ирье, захиалгаа өгч бай" хэмээн хэлнэ. Хөөрхий хүү боксын аваргатай тулаанд орж, ялж энэ бүх мөнгөө хувьсгал хийх буу, зэвсэгт өгөхөөр бодсон юм байж. Хүнд хэцүү бүхнийг даван туулж ялдаг. Үнэхээр өөдрөг сайхан тууж. 
Стэфан Цвейгийг манай уншигчид "Танихгүй эмэгтэйн захидал" туужаар нь сайн мэддэг. Тэгвэл үүн дээрээ "Амок"-ыг нэмэхийг санал болгож байна. Амок гэдэг нь халуун орны, согтож манарахаас илүүтэй аймшигтай өвчин. Нохойн галзуу өвчинтэй төстэй. Галзуу өвчин туссан нохой хавьтсан ойртсоноо хазаж, урдаг бол амокт дайруулсан хүн амнаас нь хөөс сахарч, араатан лугаа орилж хашгиран, гартаа балиус барьж хавьтсан ойртсон болгоноо хутгалан гүйнэ. Нэг цус харуулбал тэгээд л өнгөрөө гэсэн. Нэг бол нохой шиг буудуулж үхнэ, нэг бол өөрөө бахардаад зогсоно. 
Нөхрөөсөө далдуун хүүхэдтэй болон, үр хөндүүлэхээр ирсэн чинээлэг эмэгтэйн саналаас татгалзсан нэгэн эмчийн тухай өгүүлнэ. Эмчийг татгалзангуут өнөөх эмэгтэй ядуу муу оромжид очоод үр хөндүүлчихжээ. Үүнээсээ болж нас барна. Нас барахдаа өөртэй нь холбоотой нэг ч зүйлийг хэнд ч хэлж болохгүй хэмээн захина. Амокт хөөгдсөн мэт энэ ихэмсэг бүсгүйд дурласан байсан эмч энэ нууцыг хадгалахын тулд эцэст нь амиа зольж байгаа тухай хачирхалтай түүхийг "Амок" туужаас уншаарай. Хүний биеийг гаргуунд нь гаргадаг нууц гэж байдаг юмсанж. 
Франц Кафкагийн "Хувирал"-ыг би роман гэж боддог байжээ. Нэг өглөө сэрээд өөрийгөө арваалжин хөлтэй аймшигт цог хорхой болсон байхыг мэдэх хэнд таатай санагдах билээ.  Хэн хэнээс илүүтэй аав нь түүнд зэвүүцэн, ад үзнэ. Эцэстээ түүнийг нас барахад гэр бүлийнхэн нь хэзээ ч тийм хүн байгаагүй мэт амьдран байх нь зүрх өвтгөнө. Кафкагийн эцэг нь хүүгээ үргэлж доош нь хийдэг, харгис хатуу хүн байсан гэдэг. Үүнээс бол тэрээр өөртөө итгэлгүй нэгэн болж өссөн, амьдралдаа нэг ч эмэгтэйтэй дотно байгаагүй гэдэг. Магадгүй аавынхаа энэ  хатуу зан араншингаас улбаалаад энэ туужаа бичсэн биз ээ. 
"Туужис" номонд орсон туужуудаас хамгийн урт нь Харүки Муракамигийн "Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа"... Гэхдээ л Муракамигийн бусад зохиолууд шиг ямар ч зовлонгүй уншигдана даа. "Норвейгийн ой"-гийн гол дүрийн залуу, Токиогийн оюутан нутагтаа нэг бүсгүйг орхиод ирсэн хэмээн өгүүлдэг дээ. Яг л тэрнийхээ тухай энэ туужаараа өгүүлсэн юм шиг санагдана. Өсвөр насны хүү, охины хайр сэтгэл, шилжилтийн насны сексийн улангассан их хүсэл, бүтээгүй дурлал, хожим хойно дахин учраад гэр бүлээ хаяхад хүргэх хүртэл... гэх мэт үйл явдал нь таныг аандаа хөтөлнө. Сонирхолтой, өөрсдөө уншаарай. 

Sunday, January 22, 2017

"Улаан хаант улс" Леонид Млечин

Түүхч, сэтгүүлч, хөтлөгч Леонид Млечиний "Путин" хөрөг номыг өмнө нь дуудаж өгч байсан. Энэ удаад Хойд Солонгосын гурван үеийн Кимийн хаанчлалын тухай "Улаан хаант улс" номыг нь та бүхэнд сонирхуулья. 
Номыг үндсэн дөрвөн хэсэгт хуваавал илүү ойлгомжтой болно. 
1. Ким Ир Сен - Агуу их удирдагч 
2. Ким Чен Ир - Хайрт удирдагч 
3. Ким Чен Ун - Залгамжлагч 
4. Хоёр Солонгос нэгдэх үү? 
Хойд Солонгосын түүхэн дэх гурван бүдүүн хүн. Бусад 25 сая хүн бүгдээрээ хоол тэжээлийн дутагдалтай, намхан, туранхай... 
1. Агуу их удирдагч Ким Ир Сен 
Ким Ир Сенийг чухам хэн Хойд Солонгосын Ерөнхийлөгчөөр томилсон нь одоо болтол тодорхойгүй (Сталинд ихэд таалагдсан байж болох юм, тийм үү?). Маш тодорхой нэг зүйл нь тэр улсаа хагас зуун жил удирдсан (1945-1994 онуудад засаглажээ). Түүний тухай бидний мэдэх бүхэн домог, домогшуулал. Ким Сон Жу гэдэг нэртэй хүү хожмоо Ким Ир Сен хэмээх хувьсгалч нэрийг өөртөө наажээ. Хойд Солонгосын түүхчид түүний 12 үеийн намтрыг "судлан" гаргаж ирсэн байдаг. Энэ намтар ёсоор бол тэрээр 14 насандаа жанжин болж, мөнхүү насандаа Имперлизмийг устгах холбоог байгуулсан бол таарч байгаа юм. Түүхчдийн үгэнд итгэвэл Кимийн өвөө америкчуудтай тулалдаж явсан, Кимийн эцэг, эх Японы булаан эзлэгчдийн эсрэг тэмцэж байсан бол таардаг. Залуу Ким хувьсгалт залууст Марксын "Капитал" зохиолыг дуудаж өгч байсан "гэдэг". 
Үнэндээ бол эцэг, эх нь туйлын ядуу зүдүү амьдралтай хүмүүс байжээ. Тухайн үед Имперлизмийг устгах холбоо - ямар ч нууц коммунист нам байгаагүй. Комсомол ч гэж байгаагүй. Наймдугаар анги төгссөн хүү "Капитал"-ыг заах нь бүү хэл уншиж байсан гэж төсөөлөхөд бэрх. 
Харин Манжуурт сурч байсан тул хятад хэлтэй болжээ. 1940 онд Орос руу зугтан гарч, 45 он хүртэл толгой хоргодсон байна. Гэхдээ түүний намтарт Орост байсан гэх ямар ч үг, өгүүлбэр үгүй. Үүний оронд Кимийн эрэлхэг тэмцлийн тухай өгүүлсэн байх. Түүнчлэн Ким Ир Сен л Солонгосыг Японы булаан эзлэгчдээс чөлөөлсөн гэж заасаар байна. 1941 онд түүний тэргүүлсэн партизанууд Москваг япончуудаас аварсан гэж толгой угаадаг. 
Гэхдээ Ким Ир Сен дайчин чанар, эр зориг, шийдэмгий зан, ажилсаг чадвар, өндөр шаардлагатай хүн байжээ. Даргархаг дуртай, захирагдах дургүй, дотуур тамиртай гэсэн дутагдалтай хүн байж. 
Түүнийг Хойд Солонгосын удирдагчаар тавьсан хүмүүс нь оросууд. Оросууд бүгд түүнийг сайн удирдагч болно хэмээн "бооцоо" тавьж байлаа. Тэрээр итгэлийг нь хөсөрдүүлээгүй. 
Хойд Солонгосын Ардын түр хорооны удирдагчаар тавигдаад байсан Ким Ир Сенийг нэгэн нийтийн цуглаанд үг хэлэх гэж байтал гар хийцийн, шалихгүй хүчтэй гранат хажууханд нь дэлбэрчээ. Гранатыг шүүрч авсан бага дэслэгч хөнгөн шархдсан байна. Суртал ухуулгад мэргэшсэн оросын зөвлөхүүд энэхүү хэрэг явдлыг "Кимийн амь насанд халдсан" хэрэг болгон дуулиан шуугиан үүсгэв. Энэхүү хэрэг түүнийг эгшин зуурт олны танил болгосон ба Ким Ир Сенийг зарим нь "баатар" мэтээр яриад эхлэв. Домогшуулах технологи нөлөөгөө хурдан өгч эхэлжээ. 
Ингээд түүнийг агуу удирдагч болгохоор шийдэн, өрсөлдөгч нарыг нь ЗСБНХУ-д аваачин буудан хороож эхлэв. Хоёр Солонгосын хуваагдлын үеэр ихэнх "мундаг тархи"-ууд нь Өмнөд Солонгост байсан нь ч түүнд ашигтайгаар тусчээ. Удахгүй "Нөхөр Ким Ир Сен мандтугай!" хэмээн хашхирч байх тушаал гарлаа. 
1948.9 сард БНАСАУ-ыг тунхаглалаа. 
Хоёр Солонгосыг нэгтгэх бодол Ким Ир Сенд мөнхөд байлаа. Иймээс 1950 оны 6 сарын 25-нд Өмнөд Солонгос руу дайрлаа. Зургаахан хоногийн дотор Сөүлийг эзэлсэн боловч, Америк тэргүүтэй 16 холбоотны цэрэгт бут цохигдон ухарсан юм. Гэвч энэхүү дайн гурван жил үргэлжилсэн. 
Пхеньяаныг арав хоногийн дотор эзэлсэн Америк тэргүүтэй холбоотны цэргүүд яв явсаар Хятадын хил ойртжээ. "Хойд Солонгосчууд үгүйдээ л партизаны дайн хийнэ биз" хэмээн тоохгүй байсан Мао Зэ Дун сандран, цэргээ дайнд оролцуулав. Ийнхүү хоёр Солонгосын хил урьдын хэвээр үлджээ. 
Ким Ир Сен чухче онолоо гаргалаа. Энэхүү онолын эмхэтгэл "Жүчэ ба Сонгуны тухай" номыг МОНЦАМЭ агентлагаас гаргасныг би та бүхэнд өмнө нь "уншиж" өгч байсан (архив үзэх). Энэ онол ёсоор Хойд Солонгосчууд хэнээс ч хараат бус, бие даан хөгжих учиртай. 
Ким үе үе намын аппаратдаа цэвэрлэгээ хийдэг байлаа. 450 мянган хүнийг хугацаагүй, засан хүмүүжүүлэх газар руу илгээсэн байна. Олон мянган хүнийг буудан хороожээ. Хилээр гарч зугтсан хэд л амьд үлдэж. Амьд үлдсэн хэд нь амьд үлдэх цорын ганц боломж бол агуу их удирдагчид үнэнч гэдгээ минут тутамд харуулах үүрэгтэй болов. Үнэнч биш гэдэг нь харагдвал мөн хөдөлмөрийн лагерь руу илгээнэ. Тэнд өдөрт 500гр эрдэнэ шиш өгнө. Оргох гэж оролдвол буудан хорооно. Хуваарилалт бол худалдааны дээд хэлбэр хэмээн тунхаглаж картын бараанд ард түмнээ оруулсан нь одоо ч үргэлжилж байна. 
Ингэж тэр ганцаар хэмжээлшгүй их эрхтэй болжээ. Түүний төрсөн өдрийг улс даяар сүр дуулиантай тэмдэглэдэг болов. Түүний хувийн хамгаалалтад 50 мянган хүн ажилладаг. 
Ким Ир Сен үхэхээс айдаг байж. Иймээс эмч нар нь "мөнхий ус"-ны эрэлд ийш тийш явсан боловч, үнэнд гүйцэгджээ. Хүн бүр үхнэ. Сүүлдээ тэрээр үхэхээс бус эрх мэдлээ алдахаас айсан байна. Иймээс "дуусгаагүй хувьсгал" гэдэг зүйл бодож олон өөрийн залгамжлагчаар хүү Ким Чен Ирийг зарласан байна. 

2. Хайрт удирдагч Ким Чен Ир
Өвөө, эцэг нь хувьсгалчид байсан гэж өчнөөн жил ухуулж байгаагийн хэрэг ингэж нэг гарсан байна.
Аав нь түүнд өөрийн суудлыг өгөхийн тулд 20 жил бэлджээ. 1976 оны 2 сард болсон төрсөн өдрөөр нь залуучуудын дунд өргөн дэлгэр баяр зохион байгуулав. Энэ үеэс хойш жил бүр Ким Чен Ирийн төрсөн өдрийг Хойдууд тэмдэглэдэг болов. Хайрт удирдагч нөхөр Ким Чен Ир гэдэг үг түүнийг албан ёсоор суудал авах хүртэл 20 жил цуурайтсан байна. 
Тэрээр 1991 онд дээд ерөнхий командлагч болж, нэг ч өдөр цэргийн алба хааж байгаагүй ч дараа онд нь маршал болсон байна. Титэмлэх ёслол үйлдээгүй ч Ким Ир Сен хүүдээ засгийн эрхээ зугуухан шилжүүлэв. 
1994 онд агуу их удирдагч нас барахад хаан сэнтий хүүд шууд шилжив. Ким Чен ир Оросын Хабаровскоос холгүйхэн орших жижигхэн тосгонд (аав нь тэнд алба хааж байж) төржээ. Гэхдээ түүний албан ёсны намтарт Орост төрсөн гэх ямар ч үг өгүүлбэр байхгүй. Үүнийг чандлан нууцалжээ. Оронд нь Ким Чен Ирийг партизаны лагерьт төрсөн гэж албадан цээжлүүлсэн тул Хойдын ямар ч хүнээс асуусан, чингэж хариулах вий. Үүний баталгаа болгож, түүний "төрсөн" ууланд музей байгуулж. 
Ким Чен Ир багадаа ээжийгээ алдсан (Ким Их Сений анхны эхнэр төрөхийн хүндрэлээр нас баржээ) тул багаасаа эгчмэд хүүхэн сонирхдог болж. Мөн жүжигчин, кино жүжигчин хүүхнүүдэд нугасгүй нэгэн байжээ (Агуу их залгамжлагч Ким Чен Ун нь кино жүжигчнээс төрсөн). 
Ким Чен Ир кино урлагт дуртай, их ач холбогдол өгдөг байж. Иймдээ ч Өмнөд Солонгосоос өөрт таалагдсан кино найруулагч, жүжигчин хүүхнүүдийг хулгайлж авчрахыг тушааж байсан байна. Ер нь Хойд Солонгосчууд Япон болон Макао, Хонгкогоос хүртэл олон арван хүнийг хулгайлж авчирсан нь одоо тодорхой болоод байгаа. Мөн англи хэл заалгахаар америкийн иргэдийг ч хулгайлж авчирсан ажээ. 
Гадаад сурталчилгаанд маш их мөнгө зарж, дэлхий улс гүрнүүд Хойд Солонгосоос үлгэр авч байгаа юм шиг, жүчэ онолын судалгааны хүрээлэнгүүд дэлхийн өнцөг булан бүрт байгуулагдаж байгаа юм шиг харагдуулж эхэлсэн байна. Гэвч мөнгө нь дуусаад энэ бүхэн гэнэт гарч ирсэн шигээ аажмаар алга болжээ. 
"Долоо хоногт нэг удаа хоолгүй хонож бай", "Модны холтсыг хоолондоо хийж бай" гэх мэт үгүүд Хойд Солонгосоос дуулдана. Хойд Солонгос бол баргар хүмүүсийн орон. Удирдагчдаас нь өөр инээмсэглэж буй хүн олж харахгүй. Цахилгааныг хуваариар өгдөг тул утсаа ч олигтой цэнэглэж амждаггүй гэж Хойд Солонгос дахь гадаадын ЭСЯ-ны ажилтан ярих. Зочид буудлууд нь халаалтгүй, нүүр гараа хүйтэн усаар угаана. Ер нь Хойд Солонгос үеийн үед өлмөн зэлмүүн байжээ. "1950-иад онд иргэд нь модны холтос иддэг байсан" гэж гадаадын ахмад дипломатч ярих. Өлсгөлөнгийн жилүүдэд 2 сая хүн нас барсан гэдэг. Одоо ч Хойдууд хоол тэжээлийн дутагдалтай, намхан, туранхай, зарим нь оюун санааны хувьд эмгэгтэй болоод байна. Хэмнэлт гаргах үүднээс цаасыг аль болох нимгэн үйлдвэрлэ хэмээн их удирдагч тушаана. Иргэд нь ажлын эв дүй ч үгүй болсон бололтой. Оросоос трактор автал зөвхөн хойшоо яваад байсан байна. Чехээс 52 трамвай аваад хэдхэн сарын дотор 29-ийг нь эвдсэн байна. Дэлхийн заавраар биш, чухче онолын заавраар угсарсан байжээ. Алдаа гаргасан хүн эхэр татан уйлах ёстой. Хойд Солонгос маягийн зан авир гэж энэ. 
Торгонд умбуулж, өдөрт гурван удаа махтай хоол идэж, будаагаар туйлуулна гэж амлаж байсан Агуу удирдагчийн үг биелээгүй тул олон жилийн турш цөхөрсөн ард иргэд нь эх орноосоо олон зуугаар зугтаж эхэлсэн байна. Кимийн ойрын төрлийн, өндөр дээд албан тушаалтан хүртэл Өмнөд Солонгосоос орогнол хүсэв. Цэргүүд, нисгэгч нарт оргох боломж илүүтэй байдаг байжээ. Оргож очсон хүмүүст 20 хүртэл мянган ам.долларын тэтгэмж өгч байсан Өмнөд Солонгосын ЗГ олон зуугаар ирж байгаа оргодлуудаас болж мөнгөн дүнгээ бууруулахад хүрчээ. 
Хойд Солонгосын дэлхийн зах зээлд нийлүүлдэг нэгэн том наймаа нь цөмийн зэвсэг болов (Иран, Сирит нийлүүлдэг байсан). Үүгээр гадаад валютын нөөцийн тодорхой хувийг бүрдүүлж эхэлжээ. Олон улсаас эдийн засгийн хувьд хавчих бодлого явуулж эхлүүт сүүлийн жилүүдэд дипломат ажилтнуудаараа хуурамч доллар, нэр бүхий брэндийн тамхиудыг зах зээлд нийлүүлж, валют олж эхэлсэн байна. 
Нас явах тусам Ким Чен Ир бүдүүрч, илүүдэл жингээсээ болж зовох болжээ. Эмч нар нь ховор төрлийн аварга загасны элэг хүртэл авчирч өгөв. Гэвч 2008 онд тархинд нь цус харван, үүнээс хойш бие нь дээрдсэнгүй. 

3. Агуу их залгамжлагч Ким Чен Ун
Өвчин нь Ким Чен Ирийг залгамжлагчаа яаралтай тодруулахад хүргэв. Тэрээр нэгэн цагт сэтгэл алдарч явсан, хууль бус эхнэрээс (кино жүжигчин) төрсөн хүү Ким Чен Унаа өөрийн залгамжлагчаар тодруулав. Учир нь тэр бусдыгаа бодвол дээгүүр санаатай, омголон ширүүн араншинтай. Заал авч тоглолоо гэхэд бусад нь тараад яваад өгдөг бол Ким Чен Ун тоглолтын туршид ямар, ямар алдаа гаргасан, цаашид хэрхэн тоглох талаар ярьж зогсдог байсан нь эцэг нь түүнийг сонгох шалтгаан болжээ.
Бага Кимийн тухай мэдээ сэлт ховор. Швейцарьт өөр хүний нэрээ сурч байсан. Пхеньяанд цэргийн академид сурч байсан. Нэг ч өдөр цэргийн алба хааж байгаагүй боловч өнөөдөр тус улсын зэвсэгт хүчнийг толгойлж байна. 2010 онд түүнийг цэргийн орлогч болгон, генерал цол олгов. Аав нь "бяцхан генерал" хэмээн өхөөрддөг байж. Ким Ир Сен өвөөтэйгээ царай ойролцоо. Үүнийг нь Хойд Солонгосын ард түмэн ид шидийн мэтээр хүлээн авдаг байна. 
Өвөөгийнх нь (Агуу удирдагч) үеэс хэрэгжүүлж эхэлсэн цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх явдал бага Кимийн үеэс "төгс" болж, тэрээр өдгөө бусад орнуудыг цөмийн зэвсгээр "барьж" байна. Энэ нь түүнд өөртөө эрдэх итгэлийг өгдөг. Мөн бусад орнуудыг айлгах зэвсэг болдог гэдэг. Хамгийн бодитой нь, дайнаар (мөнхөд дайны бэлэн байдалд байна. Япон болон Америкийн ивээлд орсон Өмнөдүүд өнөө маргаашгүй дайрна гм үлгэрээр ард түмнээ тэжээнэ) түрий барин ард түмнийхээ ядуу амьдарч байгааг зөвтгөж байдаг. Мөн дайнаар далайлгаж бусад улс орноор авлига авахыг санаархаж байдаг юм. Хойд Солонгосоор наймаа арилжаа хийдэг хятадуудын яриагаар хүмүүсийн амьжиргаа өдрөөс өдөрт аймшигтай болж байгаа гэх. Насанд хүрсэн хүн өдөрт 700гр хоолны нормтой (хүүхэд 300гр), мах бол зөвхөн баяр ёслолоор. Хойд Солонгосчууд хэзээ ч цай болон кофе ууж байгаагүй. 

4. Хоёр Солонгос нэгдэх үү? 
Энэ бол цаг хугацааны асуудал. Улс орноо нээх нь үнэнийг мэднэ гэсэн Кимүүдийн мөнхийн айдас юм.